Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хэсэгчилсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хотоос орох, гарах хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоосон билээ. Гэвч иргэд хулгайн болон шороон замаар хот хооронд зорчигч тээвэрлэсэн зөрчил удаа дараа гарчээ.
Тэр ч байтугай буяны ажилтай гэх шалтгаанаар авсан QR кодтой автомашинаар зорчигч тээвэрлэж байсан ноцтой зөрчил гарчээ. Иймд хууль хяналтын байгууллагуудаас “Хулгайн зам” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулжээ.
Арга хэмжээний хүрээнд зөвшөөрөгдөөгүй буюу хулгайн автозамаар Өмнөговь аймаг руу хүн тээвэрлэсэн тээврийн 13 хэрэгсэл, тэдгээрийн жолооч болон 28 зорчиг нийт 41 иргэнд зөрчлийн 13 хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Мөн Дархан-Уул аймаг руухүн тээвэрлэсэн тээврийн 12 хэрэгсэл, тэдгээрийн жолооч болон 17 зорчигч нийт 29 иргэнд зөрчлийн 11 хэрэг нээн мөн шалгаж эхэлжээ.
Улмаар хатуу хөл хорионы үед нийтийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах хэмжээний ноцтой зөрчил гаргаж буй хүмүүст Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, автомашиныг нь хураан авах юм байна.