Гар хүндрүүлэхгүй л бол ажил явахгүй, мэс засалд орж, хүүхдээ төрүүлж чадахгүй, төрийн үйлчилгээ авч дөнгөхгүй. Саяхан гэхэд л ХСҮТ-ийн эмч хавдрын хагалгаанд яаралтай орох өвчтөнөөс 20 минутын дотор гурван сая төгрөг олж ир. Тэгж байж хагалгаагаа хийлгэ гэж шаардсан тухай мэдээлэл нийгэмд түгж, нийтийг бухимдуулаад байгаа. Гэвч энэ нь хүн бүхэнд алхам тутамд тохиолддог гэдгийг бүгд мэднэ.
Төрийн албан хаагч, эмч, сувилагч, байцаагч, шүүгч, цагдаа, гааль гээд гарыг нь хүндрүүлэхгүйгээр ажлаа бүтээнэ гэж үгүй.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид харьяа дүүргийнхээ прокуроруудад тал засч, хүн бүрээс 30 мянган төгрөг хураан бэлэг, сэлт авч өгчээ.
Энэ нь мөрдөн шалгаж буй хэргүүдэд нь прокуророос хяналт тавьдаг гэдэг утгаараа ийн тал засав уу, эсвэл, уялдаа холбоотой ажилладаг гэдэг үүднээс саймширав уу.
Ямартай ч, ашиг сонирхлын зөрчил энд харагдаж байна. Тэгээд ч нийгмийн бүх давхаргад гар хүндрүүлэхгүй, тал засахгүй бол ажил явдаггүй ийм нэгэн жишиг Монгол Улсад хэвшлээ.
У.Тэргэл