Өглөөний 06 цагаас эхлэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоохоор болсон. Энэ хугацаанд хорооны нутаг дэвсгэр дээр дөрвөн том шинжилгээний байрыг ажиллуулж иргэдээс шинжилгээ авахаар болсон байна.
Тодруулбал, 79 дүгээр сургуулийн ахлах сургууль, хорооны иргэний танхим, 21 дүгээр худагтай гудамжинд зөөврийн шинжилгээний байр, иргэдийн нэрлэж заншсанаар сайжруулсан гудамжинд шинжилгээний байрыг байршуулж, иргэдээс шинжилгээ авах аж.
Иргэд мэргэжлийн байгууллагын заавар зөвөлгөөг дагаж, өмнө нь коронавирусний шинжилгээнд хамрагдсан байсан ч энэ удаагийн шинжилгээнд заавал хамрагдах ёстой гэдгийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан мэдээлэв.
Мөн тэрбээр "Иргэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, шинжилгээний хариу гартал олон нийтийн газраар явж, иргэдтэй хавьтал болохгүй байхыг зөвлөж байна.
Хэсэгчилсэн хөл хорионы үеэр эмийн сан, хүнсний дэлгүүр, шахмал түлшний худалдаа, ундны усны худаг хэвийн ажиллана.
Иргэдээ шинжилгээндээ бүрэн хамрагдахыг уриалж байна" гэлээ.
Б.Баатар