Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос дүүргийн 17-р хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоосонтой холбогдуулан мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан "Баянзүрх дүүргийн 17-р хороонд өнөөдрөөс буюу 2021 оны 01 дүгээр сарын 14-ны 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр 16-ны 23.00 цаг хүртэл хэсэгчилсэн хөл хорио тогтоож иргэдийг шинжилгээнд хамруулах ажил явагдаж байна.
Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт анхны тохиолдол нэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл дөрвөн гэр бүлийн 16 хүн халдварт өртсөн байсан ч долоон тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт 23 тохиолдол батлагдлаа. Харин хорооны ажилтнуудын ойрын хавьтал 75 дам хавьтал нь 1542 иргэн байгаа.
Тиймээс бүх иргэдийг шинжилгээнд хамруулах шаардлагатай болсон. Одоогийн байдлаар 17-р хорооны 79-р сургуулийн ахлах сургууль, хорооны иргэний танхим, "Даян" дэлгүүр, 21-р худагтай гудманд нийт дөрвөн шинжилгээний цэг, болон зургаан явуулын нийт 10 цэгт шинжилгээ авна.
Баянзүрх дүүргийн 17-р хороо 2814 өрх, 9758 иргэнтэй. Шинжилгээнд 18-аас дээш насны иргэд хамрагдах бөгөөд өмнө нь шинжилгээнд хамрагдсан эсэхээс үл хамааран бүх иргэдээс шинжилгээнд хамруулна.
Сүүлийн долоо хоногийн хугацаанд хорооны иргэний танхимаар үйлчлүүлсэн иргэд яаралтай шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна. Хэсэгчилсэн хөл хорио тогтоож буйтай холбогдуулан хорооны нутаг дэвсгэрт байрлах эмийн сан, шатахуун түгээгүүр, түлш борлуулах цэг, худаг, хүнсний дэлгүүр хэвийн горимоор ажиллаж байгаа. Онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг хүсье" гэв.
Р.Алтан