Дөнгөж амаржсан эхийг нөмгөн гэрийн халад, дотуур өмдтэй нь амаржих газраас авч гарсан нь олон хүнийг бухимдуулаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга болоод тус амаржих газрын удирдлагуудад хариуцлага тооцон, ажлаас нь чөлөөлөх тухай ярьж эхэллээ.
Эрүүл мэндийн сайдын баг өглөө шуурхай хуралдан энэ асуудлыг хэлэлцэн, буруутай хүмүүст хариуцлага тооцуулах хүсэлтийг холбогдох газруудад нь хүргүүллээ. Харин ХӨСҮТ амаржсан эхийг тус эмнэлэгт авчрахаас өмнө нөхрийг нь нэг өрөөнд тусгаарлаад байжээ. Энэ дагуу эх, нярайг нөхрийнх нь өрөөнд оруулж хамтад нь тусгаарласан байна.
ХӨСҮТ-д тэдний 10 настай хүүг мөн тусгай өрөөнд оруулаад байжээ. Тиймээс өнөө өглөө эцэг, эх нярай, 10 настай хүү гээд бүгдийг хамтад нь тус эмнэлэгт тусгаарлажээ. Амаржсан эхийн биеийн байдал сайн байгаа аж.
У.Тэргэл