Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 19-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, явуулын лабораториудад нийт 13318 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар бүртгэгдсэн тохиолдлын ойрын болон дам хавьталуудаас халдвар илэрсэн.
Баянгол дүүргийн зургадугаар бичил хорооллын 19 дүгээр байрны нэг орцны 13 хүнээс коронавирус илэрсэн байна. Тухайн орцонд өмнө нь батлагдсан хоёр ч тохиолдол амьдарч байсан. ЭХЭМҮТ-д ажилладаг хүнээс халдвар илэрсэн. Тиймээс хавьтал болсон 900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан. Өвчтөнүүдийг эрэмблэн ангилж ажиллаж байна.
Мөн "Монос" эмийн сангийн голомтын болон завсар хийж байсан зэрэг хүмүүсийн гэр бүлийн хавьталаас халдвар илэрсэн. Нэгдүгээр амаржих газарт амаржсан 357 хүнийг шинжилгээнд хамруулахад урьдчилсан байдлаар халдвар илэрээгүй. Түүнчлэн БЗД-ийн ТҮК-ийн зургаан ажилтнаас халдвар илэрсэн бол бүртгэгдсэн тохиолдлын хавьтал болсон АТГ-ын нэг ажилтнаас халдвар илэрлээ.
Улаанбаатар хотын голомтод нийт 741 тохиолдол бүртгэгдлээ. Харин орон нутагт халдвар бүртгэгдээгүй" гэлээ.
Харин дотоодын халдвар 1067 болсон бол Улсын хэмжээнд бүртгэгдсэн 1568 болсон байна. Үүнээс 1033 хүн эдгэрчээ.
Б.Баатар