Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч 23-наас баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ.
2021 оны 01 дүгээр сарын 23-наас 01 дүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн зарим газраар, 25, 26-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.