“Өргөө амаржих” газарт амаржсан эхээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, амаржих гэж байсан эхчүүд, эмч, ажилтнууд эмнэлэгт нь одоогоор тусгаарлажээ.
Барагцаагаар 350 гаруй хүн тусгаарлалтад байгаа ба бүгдээс нь эхний байдлаар түргэвчилсэн, мөн PCR шинжилгээ авчээ. Азаар бүгдийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Тэдний 180 орчим нь тус эмнэлгийн эмч, ажилтнууд гэлээ. “Өргөө амаржих” газрын дарга Г.Баясгаланг Эрүүл мэндийн сайдын хүсэлтээр Хотын дарга албан тушаалаас нь чөлөөлсөн ч тэрбээр ажлаа өгөхгүй. ХӨСҮТ-ийн буруу хэмээн зөрүүдэлж байгаа сурагтай.
Г.Баясгалан даргын хувьд өмнө ажлаас нь чөлөөлөхөд хууль бусаар халлаа хэмээн шүүхдсэнээр эргэж ажилдаа ороод дөнгөж 20 хонож байжээ. Тэрбээр хэдийг хүртэл ширээтэйгээ зууралдах нь тодорхойгүй үлдлээ.
У.Тэргэл