Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсэг цахимаар хуралдаж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд салбар бүрийн авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг сонсчээ. Энэ үеэр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт доголдол гараагүй, хил хамгаалах, цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарууд хэвийн ажилласан гэлээ. Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар мэдээллийг сонссоны дараа хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг чиглэл өглөө. Тухайлбал,
-Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн хяналтад анхаарах,
-Үйлчилгээг нь нээсэн аж ахуйн нэгжийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад онцгой анхаарах,
-Ойрын өдрүүдэд цаг агаар муудаж, цасаар шуурах төлөвтэй байгаа учраас хот хоорондын зорчих хөдөлгөөн болон малчид ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг шуурхай түгээх,
-Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.
У.Тэргэл