ЭХЭМҮТ-д дөрвөн настай хүү тоглоомын жижиг эрхиний хэмжээтэй 56 ширхэг соронз залгиснаас хүнд хагалгаанд оржээ. Тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.Цэнджав хагалгааг удирджээ.
Хүүд 20 хоногийн өмнөөс гэдэс өвдөх зовиур илэрч, цустай хүндэрч эхэлсэн байна. ЭХЭМҮТ-д хандан яаралтай хэвтэн, маргааш нь хагалгаанд оруулжээ. Олон тооны соронз залгиснаас хүүгийн ходоод хоёр газар, дээд гэдэс гурван газар цоорсон байжээ. Хүүгийн хагалгаа амжилттай болж, өнөөдрөөс босч, хоол идэж эхэлсэн байна. Энэ явдал олон эцэг, эхэд сургамж болоосой.
Бага насны хүүхдээ ямар тоглоомоор тоглож байгааг анзаарч, тоглоом нь соронзтой бол эрэг шураг, боолтыг шалгаж байх хэрэгтэй байгааг А.Цэнджав эмч сэрэмжлүүллээ.
Сүүлийн үед соронзтой, олон эрэг боолттой робот, эвлүүлдэг тоглоом ихээр худалдаалдаг болсон. Тиймээс эцэг, эхчүүд сонголтдоо анхаарч, хүүхдээ эрсдэлээс сэргийлэхийг дээрх үйл явдал харуулж байна.
У.Тэргэл