УОК-оос коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан. Гэвч амралтын, ажлын өдрөөр ч зах, худалдааны төв, дэлгүүр хөл хөдөлгөөн ихтэй байна. УОК-оос бөөнөөрөө цуглахгүй, хоорондын зайгаа барихыг байнга сануулж, сэрэмжлүүлсээр атал иргэд уламжлалаа даган гэр бүлээрээ Цагаан сараа тэмдэглэнэ хэмээн дор дороо бэлтгэлээ хангасаар байна.
Даарин дээр давс гэгчээр хоёрдугаар сарын 5-наас хатуу хөл хорио тогтооно гэсэн. Түүнээс өмнө бэлтгэлээ базааж авъя гэх хүнтэй хаа сайгүй таарлаа. Албаны шийдвэр эцэслэн гараагүй ч ам дамжсан яриа олон нийтийн дунд ийнхүү хэдийнэ тархжээ. Тиймдээ ч хоёрдугаар сарын 5-наас өмнө бэлтгэлээ хангаж, амжуулах гэсэн хүмүүс зах, худалдааны төвөөр дүүрч, хоорондын зай барих нь бүү хэл дээр дээрээсээ давхралдан чихцэлдэж байна. Хатуу хөл хорио тогтоосноор хөдөлгөөнийг хязгаарлана гэдэг үүднээсээ бэлтгэлээ наана нь базаах гэсэн иргэдийг буруутгахын аргагүй ч халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт олноороо нэмэгдэж, голомт нэмэгдсээр байхад энэ нь ихээхэн эрсдэл дагуулж байгаа юм. Шадар сайд С.Амарсайхан тамгаа гардан авсныхаа дараахан УОК-ийг шуурхай хуралдуулсан. Тиймээс энэ байдалд шуурхай арга хэмжээ авахгүй бол юун Цагаан сар болох нөхцөл байдал үүсчихээд байна.
У.Тэргэл