Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтээ тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн юм. Энэ дагуу БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх 2021 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр Засгийн газрын тэргүүнд бараалхаж, Ерөнхий сайд Нарендра Модигийн хариу захидлыг танилцуулсан ба цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхээр шийдвэрлэснээ захидалдаа тэмдэглэсэн байлаа. Энэ дагуу талууд вакцин нийлүүлэх хүрээнд 150 монгол эмчийг цахим сургалтад хамруулж, тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулах бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн юм.
Энэтхэгийн “The Times of India” сонинд, тус улсын Засгийн газар энэ долоо хоногт багтаан Монгол Улсад 1.5 сая тун, мөн Афганистанд 5 сая тун, Никарагуад 2 сая тун, Барбадост 100 мянган тун, Доминика улсад 70 мянган тун вакциныг тус тус нийлүүлэхээр төлөвлөсөн тухай нийтэлжээ.
Монгол Улсын хувьд 1.5 сая тун тусламжийн вакцинаас гадна тус улсаас нэмж 10 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулсан талаар мөн мэдээлсэн байна. Энэ дагуу Энэтхэгийн Засгийн газар “COVAX” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад Их Британийн “AstraZeneca” болон Энэтхэгийн “Serum” институцийн хамтран боловсруулсан “Covishield” вакциныг энэ долоо хоногтоо багтаан нийлүүлэхээр болж байна.
У.Тэргэл