Коронавирусний халдварыг дотооддоо алдсанаас хатуу хөл хориог хоёр сараар буюу 60 хоног тогтоосон билээ. Энэ хугацаанд байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 50 мянга гаруй аж ахуйн нэгжийн 60 гаруй хувийнх нь санхүүгийн нөөц шавхагджээ.
Хөл хорионы дэглэмийг бууруулж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлээд байтал хатуу хөл хориог дахин тогтоох талаар хэлэлцэж эхэлснийг МҮХАҮТ дэмжихгүй байгагаагаа Шадар сайдад илэрхийлээ. Дахин хөл хорио тогтоовол 430 мянган иргэний цалин саатаж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжихээр байгаа ба санхүүгийн асар их хохирол учруулахаар байгаа аж. Мөн 14 хоногоор хатуу хөл хориог тогтоосон тохиолдолд 500 мянган иргэн ажлын байраа алдана гэсэн тооцоо гарчээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч А.Амартүвшин “Байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дахин зогсооно гэдэг маш олон ажлын байрыг үгүй хийх эрсдэлтэй. Тиймээс халдваргүйжүүлэлт, хамгаалалтыг хийн, халдварыг тархаахгүй талд онцгой анхаарч, байгууллага, аж ахуйн нэгжид сайтар дагаж мөрдөхийг үүрэг болгон ажиллуулах саналыг гаргаж байна” гэв.
Өнгөрсөн нэгдүгээр сард, 150 орчим ажлын байрыг цомхотгосноос ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авах иргэдийн тоо эрс нэмэгджээ.
У.Тэргэл