Монголын Үндэсний бөхийн холбооноос Цагаан сарын бөхийн барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэж, улсын цолтой бөхчүүдээ бүртгэж эхлээд байсан. Гэсэн ч УОК-оос коронавирусний цар тахалтай холбоотойгоор тус барилдааныг зохион байгуулахыг хориглосон.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Бөхийн холбоо, орон нутгийн иргэдээс үндэсний бөхийн барилдаан зохион байгуулъя гэсэн саналаа бидэнд ирүүлсэн. Харин УОК шаардлагагүй, боломжгүй гэж үзсэн. Цол хэргэм олгохгүй учир бөхчүүд энэ шийдвэрийг ойлгон хүлээн авч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Бид болгох талаас нь судлаж үзсэн ч бүх нийтийн хорионы үеэр шаардлага байхгүй гэж холбогдох байгууллагын саналд үндэслэн шийдсэн.
Бүх эрсдэлээ даван гарсны дараа олон сайхан боломж бидэнд нээгдэх учир энэ удаад зохион байгуулахгүй нь зөв гэж үзлээ" хэмээсэн байдаг.
Харин энэхүү шийдвэр нь МҮБХ-нд "таалагдаагүй" учир "Сар шинийн барилдааныг үзэгчгүйгээр хөдөө орон нутагт зохион байгуулах"-аар тус холбооноос НОК хандсан байдаг.
Тодотговол, "Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав "Улаанбаатар хотын засаг дарга бөгөөд нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумьяабазарт албан бичиг хүргүүлж, бөхийн барилдаанд оролцох бөхчүүдийг Битүүний өдөр Улаанбаатар хотоос гарч нисэх онгоцны буудлаас Говь-Алтай аймаг руу нисэх хөдөлгөөн, мөн өдрийн орой ирэх хөдөлгөөнийг цар тахлын үеийн дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн". Үүнийг ч УОК зөвшөөрөөгүй.
Харин Монголын Үндэсний бөхийн холбоо ямар учраас ийнхүү энэ хүнд цар тахлыг үед бөхийн барилдааныг заавал зохион байгуулахаар улайрч байгаа нь ч олны шүүмжлэлийг дагуулж басхүү гайхширлыг төрүүлээд байгаа.
Хэдийгээр монгол ёс уламжлал ч гэлээ дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж, халдвар хамгааллыг мөрдөхийг зөвлөж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод буй. Тиймээс ч УОК энэ жилийн Цагаан сарын бөхийн барилдааныг зохион байгуулахыг хориглосон. Гэсэн атал МҮБХ-ноос шийдвэр гаргаж, удаа дараа хүсэлт илгээж, эцэстээ мэдэгдэл хүртэл гаргажээ.
Мэдэгдэлд "Сар шинийн барилдаан цар тахлын улмаас Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулагдах боломжгүй боллоо. Даяаршлын өнөө үед Монголчууд бусдаас ялгагдах өв соёл, уламжлалаа хадгалж, хойч үедээ өвлүүлж байх нь бид бүгдийн үүрэг бөгөөд энэхүү өв соёл, уламжлалаасаа аажмаар холдож, бүх талаараа дэлхийн хамгийн хоцрогдсон, дорой буурай үндэстний хэв шинжийг улам бүрдүүлсээр байгаа нь харамсалтай.
Төрт ёсны уламжлалт Сар шинийн барилдааныг зохион байгуулахыг дэмжиж ажилласан Нийслэлийн Онцгой Комисс, “Аеро Монголиа” ХХК, “Хүннү Айр” ХХК болон бөхийн барилдааныг тасалдуулахгүйн тулд орон нутагтаа зохион байгуулах санал гаргасан Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн ЗДТГ, Увс аймгийн Үндэсний Бөхийн салбар холбоондоо, мөн бөхчүүддээ гүн талархал илэрхийлье" хэмээжээ.
МҮБХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжавын шийдвэр, хүсэлт ийнхүү мэдэгдлээр өндөрлөв.
Б.Баатар
Сэтгэгдэл (53)