Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллийн үеэрээ дэлхий дахинд өрнөж буй үйл явдлын талаар мэдээлдэг. Энэ удаад дэлхийн зарим орнуудад тархаад буй коронавирусний мутацид орсон халдварын талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хүргэлээ.
Тэрбээр "Их Британи улсад өнгөрөгч оны арванхоёрдугаар сард гарсан мутацид орсон халдвар дэлхийн 60 гаруй оронд тархаад байна. Уг халдварын хувьд халдварлах чадвар өндөр.
Харин Африкийн оронд тархсан шинэ халдвар дэлхийн 23 оронд тархаад байгаа бол Дани улсаас гаралтай хувилбар Европын орнуудад тархалт байгаа боловч Азийн орнуудад тархалт харьцангуй бага байна гэж үзжээ.
Халдварыг таслан зогсоох арга бол амьдралын шинэ хэв маяг. Мөн вакцин гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн 73 оронд 130 сая хүн вакцин хийлгээд байна.
Вакцин хийлгэснээр халдварын тархалт буурч, эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой. Дэлхийн хэмжээнд голомт дээр ажиллаж байгаа алба хаагчид болон өндөр настай, хууч өвчтэй хүмүүст хийж байна.
Судлаачдын зүгээс вакциныг хоёр тунгаар хийлгэх нь үр дүнтэй байна.
Эхний удаа хийлгэхэд дархлаа тогтож байгаа ч халдвар авах эрсдэл байсаар байна. Харин хоёр дахь вакциныг хийлгэвэл илүү үр дүнтэй байгаа ч халдвар хамгааллынхаа дэглэмийг сайтар хангах хэрэгтэй гэдгийг анхааруулаад байна" гэлээ.
А.Сүх