Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Архангайн зүүн, Өвөрхангай, Төв аймгийн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд хэсэг, маргааш өдөр Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөө шөнө төвийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 02 дугаар сарын 12-ноос 02 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд нутгийн хойд хэсгээр цас, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-14-нд зарим газраар секундэд 12-14 метр, 15-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 15-нд нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларна.