Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.
2021 оны 02 дугаар сарын 13-наас 02 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-14-нд зарим газраар, 16-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 15-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 15-нд нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларна.