Нийслэлд одоогоор коронавирусний зургаан голомт идэвхтэй байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. Тодруулбал, 116 сургууль, Сонгинохайрхан дүүрэг дэх 21 худалдааны төвийн голомт, Бөөрний диализийн эмнэлэгтэй холбоотой голомт, Монгол шир хувьцаат компаний голомт, Нийслэлийн Амгалан амаржих газрын голомт, Си Жи Эс эмнэлэгтэй холбоотой голомтууд идэвхтэй байгаа аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Албан байгууллагад халдвар гарахад цааш нь гэр бүл, найз нөхөд, танилууд гэх мэтээр үргэлжилдэг. Манай улсад батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд халдварт олноор өртөж байна. Хавьтлаас халдвар авсан үзүүлэлт 20 хувь байна. Олон улсад 10 гаруй хувьтай байгаа.
Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 1,046, хоёрдогч хавьтлын 2,346 хүн бий. Хавьтал болсон иргэд ойр тойрны хүмүүсээ халдварт өртүүлэхгүйн тулд анхааралтай хандах хэрэгтэй байна" гэв.
Б.Баатар