Ромын эзэн хаан Клавдий гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ. Христийн шашинт залуу лам Валентин энэхүү хуулийг хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй залуу гэр бүлийг нууцаар гэрлүүлдэг байжээ.
Энэ тухай мэдсэн Клавдий хаан хилэгнэн, Валентиныг гянданд хорьж, тэрбээр хоригдож байхдаа гяндангийн захирагчийн охинтой танилцаж, хайр сэтгэлтэй болжээ. Гэвч Хаан түүнийг цаазаар авах ял буулгаж, залуу лам Валентин хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” хэмээн хаягласан зурвас бичиж үлдээсэн байна.
Дурлалт хосын хайр сэтгэлийг бурханы өмнө мөнхөлсөн Валентиныг цаазалсан өдрийг дэлхий нийт хайр сэтгэлийн илэрхийлэл болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.
Валентины баярыг Европ тивд XIII зуунаас, харин дэлхий даяар XYIII зуунаас тэмдэглэж эхэлжээ. Гэгээн хайрын өдрийг улс орон бүр өөр өөрийн онцлог хэв маягаар тэмдэглэн өнгөрүүлж ирсэн юм. Манай улсын хувьд Гэгээн хайрын баярыг 1990-ээд оны сүүлчээр тэмдэглэж ирсэн бөгөөд зүрхэн хэлбэртэй шоколадыг хайртай хос бие биедээ бэлэглэдэг зуршилтай билээ.