Төрийн албан хаагч, албан тушаалтнууд хуулийн хүрээнд жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй. Энэ дагуу улсын хэмжээнд 43 мянга гаруй нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй. 2021 оны хоёрдугаар сарын 15-ны байдлаар, 99.8 хувь нь хуульд заасан үүргээ биелүүлжээ.
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын албаны мэдээлснээр, хэрэв мэдүүлгээ хуулийн хугацаанд өгөөгүй бол сануулахаас эхлээд ажлаас халах хүртэл хариуцлага оногдуулах аж. Энэ нь хариуцлага хүлээхээс илүү Монгол Улсын төрийн албаны нэр хүнд, төрийн албанд ажиллаж буй албан хаагчдын үүрэг бөгөөд ажил үүргээ хариуцлагатай, ил тод, цэвэр шударгаар гүйцэтгэж байгаагийн илэрхийлэл болох юм.
Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй байдлаар цахим сүлжээнд байршуулан, олон нийтэд хяналт тавих эрхийг нь олгодог билээ.
У.Тэргэл