Монгол Улс 2016 онд Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд хэд хэдэн үүрэг хүлээсэн билээ. Энэ хүрээнд 2017 оны хоёрдугаар сард УИХ-аас баталсан хуульд 6-7 төрлийн татвар болон шимтгэлийг нэмэхээр тусгасны нэг нь нийгмийн даатгалын шимтгэл. Нийгмийн даатгалын тухай хуульд тусгаснаар бол, нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 11.0 хувь, 2019 онд 11.5 хувь, 2020 онд 12.5 хувь байх бөгөөд ажил олгогчоос нэг хувиар, даатгуулагчийн цалингаас нэг хувиар төлөхөөр тус тус нэмэгдүүлсэн билээ. Энэ мэтчилэн нийгмийн даатгалын шимтгэлийг шат дараатайгаар нэмж ирсэн юм.
Гэтэл өөрсдийгөө ямар эрх, үүрэг хүлээдгээ ч умартсан МҮЭ гэх байгууллага нойрноосоо гэнэт сэрсэн аятай цахим акци өрнүүлж, тэмцлээ эхлүүлэхээ сүржин мэдэгдлээ. МҮЭ гэх энэ байгууллага амьтай үгүй нь ч тодорхойгүй, хаа нэгтээ сулхан мэдэгдэл хийхээс хэтрэхгүй.
Энэ нь ажил хэрэг болох нь даанч ховор. Ийм нэгэн үлбэгэр байгууллага шат дараалалтай нэмж ирсэн нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэн дөнгөж толгой өндийв. Гэхдээ энэ нь цахим акци, цахим эсэргүүцэл. Үүнээс харахад тэрүүхэндээ сүрийг үзүүлсээр тэдний эсэргүүцэл дуусах бололтой. Үнэндээ ниргэсэн хойно нь хашгирав гэгч л болж байна.
У.Тэргэл