“ДЦС-III” ТӨХК нь 2021 онд хүний хөгжлийг дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй, дэлхийн жишигт хүрсэн том компани болно гэсэн том амбийц, уриатайгаар эхлүүлжээ. Гэтэл эсрэгээрээ нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг иргэний мэдээллийн дагуу илрүүлж, холбогдох газрууд арга хэмжээ авч эхэлсэн билээ. Тодруулбал, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран газар дээр нь ноцтой үйлдлийг таслан зогсоож, малын сэг зэмийг халдваргүйжүүлж устгалын арга хэмжээг авсан байна.
Энэ талаар "ДЦС-III" ТӨХК-ийн инженерүүд шаталсан сангуудын үйл ажиллагаа доголдсоноос станцын үнсний шугамд бөглөрөл үүсч, далан сэтрэх аюулд хүрсэн тул үнс зайлуулсан усыг хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Туул гол руу хаясан гэжээ. Холбогдох газруудаас "ДЦС-III" ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудад Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа дахин хаяхгүй байх шаардлага тавьж, шинжилгээний хариу гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллах аж.
У.Тэргэл