БШУ-ы сайд Л.Энх-Амгалан гуравдугаар сарын нэгнээс танхимын хичээлийг эхлүүлэх санал гаргасан ч Шадар сайд С.Амарсайхан эрсдэлтэй хэмээн хугацааг хойшлуулаад буй. Тэгвэл Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хэзээнээс танхимаар хичээллэх, оюутнууд гуравдугаар сарын 01-нээс танхимаар хичээллэх эсэх талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газар, УОК боловсролын салбар, хүүхдүүд хохирч байгаа асуудалд маш их санаа зовж байгаа. Гэхдээ Улаанбаатар хотод 120 гаруй голомт байгаагаас идэвхтэй 40 гаруй голомт байна. Ийм нөхцөлд Улаанбаатар хотод танхимаар хичээллүүлэх нь эрсдэлтэй гэсэн байр суурьтай байгаа.
Орон нутаг буюу ногоон бүс болсон газарт танхимаар хичээллүүлэх зэрэг асуудлыг Засгийн газар, УОК-т хэлэлцэж байна. Тодорхой шийдвэр гарсан цагт мэдээлнэ. Оюутнууд ч мөн адил танхимаар хичээллэх нь эрсдэлтэй гэж үзэж байгаа" гэв.
Б.Баатар