Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч суларна.
2021 оны 02 дугаар сарын 22-ноос 02 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
23-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтэйн уулархаг нутаг болон Онон, Улз голын сав газраар ялимгүй цас, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23, 24-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд нутгийн баруун хагаст секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.