Дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Дэлхий дахинд коронавирусийн вакциныг хийгээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа бол манай улсад гурав хоног болж байна. Монгол Улс дархлаажуулалтын хуультай улс. Тиймээс ч хуулийн дагуу дархлаажуулалтын ажлыг хийж байгаа. Иргэд сайн дурын үндсэн дээр вакцин хийлгэх ёстой. Эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагын ажилчид, цагдаа, онцгой байдлын алба хаагчид зэрэг зорилтот бүлгийн хүмүүсийг хамруулна.
Өнөөдрийн байдлаар вакцинд 3112 хүн хамрагдаад байна. Вакцинд хамрагдсан тухайн хүнд халуурах булчин өвдөх, толгой өвдөх, үе мөч өвдөх, дотор муухайрах, улайж, загтнах, хавдах эдгээр шинж тэмдэг илэрч болно. Харин энэ нь 2-3 хоногийн дотор арилах ёстой. Хэрэв дээрх шинж тэмдэг арилахгүй удвал вакцин хийлгэсэн эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. "АстраЗенека" вакциныг хоёр тунг хийлгэсний дараа 67 хувь дархлаа тогтоож байгаа нь батлагдсан.
Иргэд вакцинд хамрагдсан ч амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах ёстой.
Манай улсад вакцинд хамрагдсан хүмүүсийн 3-5 хувьд нь ядрах, бие сулрах, хэсэг газар улайх шинж тэмдэг илэрч байгаа. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт хариу урвал илрээгүй" гэв.
Б.Баатар