Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 513 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 327 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутгийн замд 6 хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 24-ны өдрийн 18.50 цагийн орчим Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт /аймгийн төвөөс зүүн хойш 135 км/ шороон замд Daihatsu Terios маркийн автомашин огцом өгсүүр газар хүч алдуулснаас ухарч, зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс онхолдож, жолоочийн амь нас хохирчээ.
Мөн алба хаагчид гудамж, замд хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 135, орон нутагт 88 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Иргэд, жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн болон гэрэлтүүлэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарна уу.