Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 48 км-т орших Хороо багийн “Адуун” гэдэг газар гуравдугаар сарын 1-ний 13.30 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс онцгой байдлын албанд 13.44 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.
2021 оны нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчээр газар хөдөлснөөс хойш түүний давтан хөдлөлтүүд болсоор байгаа бөгөөд хоёрдугаар сарын 25-ны 11.00 цагийн байдлаар Хөвсгөл аймгийн Ханх суманд 34,133 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 176 бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байв.