Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 823 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 621 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж, нийслэлд хоёр, орон нутаг нэг хүний амь нас хохирсон байна.
Тодруулыал, энэ сарын 02-ны 18.00 цагийн орчимд Баян-Өлгий аймаг Баяннуур сум II баг “Цул Улаан” гэх газар шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, зорчигч Т-н амь нас хохирчээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 226 зөрчил ирлүүлсний 122 нийслэлд, 104 орон нутагт тус тус бүртгэгдсэн бол эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.