Улсын драмын эрдмийн театрын бүх уран бүтээлчид “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээний албан ёсны сөрөг хариуг үндэслэн гуравдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн. УОК-оос гаргасан түр журмын дагуу суудлын 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр “Анна Каренина” жүжгийг тоглосон бөгөөд гуравдугаар сарын 4-нд- 196, 5-нд- 236, 6-нд 247 нийт 679 хүнд үйлчилжээ. Энэ жүжгийг үзсэн иргэдийг шинжилгээнд хамрагдаж, өөрийгөө тусгаарлахыг ЭМЯ-наас анхааруулсан.
Мөн УДЭТ-ынхан театрт халдвар тархсанд үзэгч түмнээсээ уучлалт хүсэж, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийн дагуу жүжиг үзсэн хүмүүсийг гуравдугаар сарын 9, 10-ны 09:00-17:00 цагт Улсын драмын эрдмийн театрт ирж, шинжилгээндээ бүрэн хамрагдахыг уриалжээ.
Түүнчлэн гуравдугаар сарын 07-14-ний өдрүүдийн тоглолтын тасалбарыг Улсын драмын эрдмийн театрын касснаас худалдан авсан бол (99250387) дугаараар холбогдох, www.ticket.mn сайтаас худалдан авсан бол (90101800, 1900-1800) дугаарт холбогдож мөнгөө шимтгэлгүйгээр 100 буцаан авах боломжтой хэмээн УДЭТ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.