ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр дархлаажуулалтын талаар мэдээлэл хийв. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан "Монгол Улсад өнөөдрийн байдлаар AstraZeneca вакцины 150 мянган тун, Синофарм вакцины 300 мянган тун, Спутник-V вакцины 10 мянган тун буюу нийт 460 мянган хүн тун вакцин байгаа. Дараагийн вакцинуудыг хүлээн авахаар холбогдох байгууллагууд нь гэрээ хэлэлцээ амжилттай хийгдэж байна. Энэ талаар нарийн мэдээллийг ГХЯ болон Сангийн яамнаас авах боломжтой.
Иргэдийг дархлаажуулалтад хамруулахдаа шинжилгээ хийсэн байхыг шаардахгүй. Учир нь нийслэл хотод шинжилгээний цэгүүдээр хийгдэж байгаа коронавирус илрүүлэх шинжилгээний 1-ээс бага хувь нь эерэг буюу 99 хувь нь сөрөг хариу гарч байгаа. Харин хавьтлын шинжилгээгээр 90-ээс дээш хувьд нь халдвар илэрч байна. Тийм учраас вакцин хийлгэх хүнийг шинжилгээ өгсөн байхыг шаардахгүй.
Өнөөдрийн байдлаар манай улс AstraZeneca вакциныг хэрэглэж байгаа. Нийт 150 мянган тун байгааг 75 мянган хүнд хийнэ. Эрэмбийн дагуу вакцинаа хийгээд явна. Дархлаажуулалтын эхний өдөр 1,500 хүнд вакцин хийсэн бол өнгөрсөн Баасан гарагт 3,500 хүнд вакцин хийсэн. Өнөөдөр 10 мянга гаруй хүнд вакцин хийхээр төлөвлөж байна. Эхлээд AstraZeneca вакцинаа хийгээд, үргэлжлүүлэн БНХАУ-ын Синофарм компанийн вакциныг хийж эхэлнэ" гэлээ.
Б.Баатар