"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндоржийн гэр бүл хонгилын прокуроруудтай холбоотойгоор "Үндэсний фронт"-ыг байгуулжээ. Тэд шударга бусын хонгилоор орж, хэлмэгдсэн иргэдийг уг фронтод нэгдэж, үгээ хэлэхийг уриалав.
Энэ талаар Г.Буяндорж "Хэлмэгдсэн иргэдээсээ төр уучлалт гуйдаг байх ёстой. Бид ирээдүйн шударга ёсны төлөө, бузар прокуроруудын эсрэг тэмцэж, "Үндэсний фронт"-ыг байгууллаа. Цаашид хууль журмынх нь дагуу тэмцлээ үргэлжүүлэх болно. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байна. Тиймээс ч цахимаар тэмцлээ үргэлжлүүлэхээр шийдсэн" гэлээ.
МУГЖ дуучин Т.Ариунаа "Бид "Үндэсний фронт"-ыг байгуулж байж хууль бус үйлдлүүдийг ард түмний хяналтанд оруулах болно. Ингэж байж шударга бус прокуроруудын асуудал нь зөвхөн нэг хүний гомдол бус нийгмийн тулгамдсан асуудал юм гэдгийг ойлгох байх. Бидний хувьд 10 жил шударга бусын хонгилоор явж, хэлмэгдэж, тарчилсан. Энэ мэт маш олон хүн хэлмэгдэж, дор бүрнээ шаналж байна. Харин одоо нэгдэн нийлэх цаг болсон. "Үндэсний фронт" цахим интер дээр нэгдэж үгээ хэлж байж энэ бүхэн цэгцэрч, хонгил нуран унах байх. Бид хэн нэгэн нам, хувь хүний захиалгаар бус зөвхөн шударга үнэний төлөө нэгдэж байна. "Үндэсний фронт" фэйсбүүк хаягаар нэгдэхийг уриалж байна" гэлээ.
Б.Баатар