Дархлаажуулалтын ажлын явцын талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид вакцинжуулалтын ажлаа эрчимжүүлж, өчигдөр төвийн зургаан дүүргийн онцгой комисс, дүүргийн эрүүл мэндийн төвүүд хамтран ЕБС болон их дээд сургууль, спорт заалуудад 14 цэгийг нэмж байгуулж, нийт 46 цэгт 86 багийн эрүүл мэндийн 555 ажилтан ажиллаж, 17,819 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа. Ингэснээр өссөн дүнгээр 48,265 хүн вакцины эхний тунд хамрагдаад байна" гэв.
Сүүлийн өдрүүдэд вакцинжуулалттай холбоотой сөрөг, ташаа мэдээлэл ихээр гарах болсон. Тиймээс иргэд албаны эх сурвалж, хэвлэл мэдээллээс баталгаатай мэдээлэл авч байхыг хүсэв. Тухайлбал, коронавирусний эсрэг вакцин хийлгэсэн сувилагчийн зүрх нь зогсож, сэхээнд орсон гэх мэдээллийг нэгэн хүн фэйсбүүк хуудастаа бичсэн байсан. Энэ бол худал мэдээлэл гэдгийг УОК-оос баталгаажуулсан. Мөн Грандмед эмнэлгээс мэдэгдэл гаргаж, худал мэдээлэл гэдгийг баталсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Б.Баатар