Монгол Улсад “COVID-19” цар тахлын эсрэг дархлаажуулалт өнгөрсөн сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Энэ хүрээнд боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус сургуулийн нийт 34615 багш, ажилтнууд вакцинжуулалтад хамрагдах юм.
Боловсролын байгууллагын багш, ажилтнууд 2-3 хоногийн хугацаанд 18 цэгээр вакцинжуулалтад хамрагдана.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлж байгаагаар вакцины эхний тунг хийлгэсний дараа 62, хоёр дахь тунгийн дараа 94 хувийн дархлаа тогтдог байна. Вакцин хийлгэсний дараа хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Эдгээр шинж тэмдэг 1-2 хоногоос олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.