Өмнөговь аймгийн Онцгой комиссын Шуурхай Штаб цаг үеийн байдлаас шалтгаалан тодорхой асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн хоёр өдөр шуурсан шороон шуурганы улмаас гэрээсээ гараад сураггүй болсон нийт 77 иргэнийг эрэн хайх ажиллагаанд 150 гаруй хүн 40 орчим тээврийн хэрэгсэлтэй оролцож, өнгөрсөн шөнийн 01:40 минутын байдлаар 43 иргэнийг эсэн мэнд олоод байна.
Эрлийн ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Шуурхай штабаас эрэн хайх аврах ажиллагаанд шаардлагатай газарт нэмэлт баг гарган зохион байгуулж байгаа гэлээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Өмнөговь аймагт гуравдугаар сарын 15-ны өдрийн сургууль, цэцэрлэгийн танхимыг сургалтын үйл ажиллагааг зогсоож, цэвэрлэгээ, ариутгал, тоосжилт арилгах үүрэг чиглэлийг боловсролын байгууллагуудад өгчээ.