Цаг агаарын гамшигт үзэгдэл өчигдөр тохиож, хэд хэдэн аймагт хүчтэй салхин шуурганы улмаас цахилгааны шугам гэмтэн, осол аваар гарлаа. Өвөрхангай аймагт хуй салхи босч, Дундговь аймагт харанхуйлсан гээд байгалийн гамшигт үзэгдэл тохиолоо. Ялангуяа Дундговь аймгийн онцгой байдлын албад өчигдрийн байдлаар, малдаа яваад сураггүй болсон тухай 273 дуудлага хүлээн авч, 341 иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Мөн 56 техник хэрэгсэлтэйгээр 192 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж, өчигдрийн 23 цагийн байдлаар 99 хүнийг эсэн мэнд олжээ. Гэвч малдаа яваад алга болсон хүний тоо цаг тутамд нэмэгдсээр байжээ.
Өнөө өглөөний мэдээллээр, сураггүй болсон 455 хүний 378-ыг олж, 77 хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Харамсалтай нь, хоёр хүний амь нас эрсэджээ. Мөн аймгийн Онцгой байдлын албад хүн хүчийг нэмэгдүүлж, сураггүй байгаа иргэдийг эрэн хайхад 74 техник хэрэгсэлтэйгээр 223 хүнийг дайчлаад байгаа аж. Мөн сураггүй болсон иргэдийн ар гэрийнхэн ч хүч нэмэгдүүлэн эрлийг үргэлжлүүлж байгаа гэнэ.
У.Тэргэл