ОБЕГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас ямар эрсдэл учирсан болоод аймаг, сумдын онцгой байдлын албад хэрхэн ажилласан талаарх мэдээллийг өглөө. Энэ үеэр ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн “Байгалийн гамшгийн үеэр онцгой байдлын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж ажиллалаа. Цасан болон шороон шуурганы үеэр төөрч алга болсон 467 хүнийг эсэн мэнд олсон. Яг одоогийн байдлаар 81 хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн 58 гэр, 120 гаруй хашаа саравч нурсан, 20 байшингийн дээвэр хуурсан1200 мал шуурганд уруудсан мэдээлэлтэй байна” гэв.
Салхи, шуурганы улмаас зургаан аймагт цахилгаан тасарчээ
Мөн цаашлаад цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас ОХУ-аас баруун бүсийн аймгуудад эрчим хүч нийлүүлдэг С-458 цахилгаан эрчим хүч нийлүүлдэг агаарын шугамын тулгуур багана унаснаас Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарчээ. Тиймээс түр холболт хийж цахилгаанаар хангаж ажиллаж байгаа аж. Мөн зүүн бүсийн аймгуудад цахилгаан дамжуулах 207 дугаар тулгуур баганад гэмтэл гарч, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймагт, түр зуур цахилгаан тасалдсан ба өнөөдөр гэмтлийг засаж, хэвийн ажиллаж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар сураггүй болсон 68 иргэнийг эрэн хайж байна
Цасан болон шороон шуурганы улмаас есөн аймагт 540 иргэн сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл онцгой байдлын газарт ирүүлсний дагуу эрэн хайх аврах ажиллагаа явуулжээ. Эдгээр аймгаас хамгийн олон иргэн сураггүй болсон нь Дундговь бөгөөд тус аймагт нийт 455 иргэн сураггүй болсноос 387 иргэнийг эсэн мэнд олсон байна. Өнөөдрийн байдлаар 68 иргэнийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Дээрх аюулт үзэгдлийн улмаас Архангай аймгийн Өгийн нуур суманд таван настай хүүхэд нас барсан бол Дундговь аймагт таван хүн нас барсан байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)