Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр цас орно.
2021 оны 03 дугаар сарын 17-ноос 03 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18, 19-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. 17, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.