Дундговь аймагт энэ сарын 14-ний өдөр 8-10 цагийн турш тэнгэр харанхуйлж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсон билээ. Мөн Сайнцагаан, Эрдэнэдалай сумаар 40 м/с хүрч, хүчтэй шуурсанаас 13-81 насны есөн хүн амиа алдсан харамсалтай явдал болсон. Энэ үеэр сураггүй болсон 468 хүнийг аймаг, сумдын Онцгой комисс, Онцгой байдлын газрын 578 ажилтан, алба хаагч 186 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, эрэн хайх ажиллагааг явуулсан байна. Байгалийн гамшгийн улмаас аймгийн хэмжээнд 1,632,516 мал уруудаж, алдагджээ.
Аймгийн Онцгой комисс хуралдаж, хорогдсон малын тоог гаргах, сэг зэм устгах ажлын хэсэг байгуулан, хохирлын үнэлгээг гаргахаар ажиллаж байгаа аж. Ажлын хэсгийнхэн малаа уруудуулсан, гэр, хашаа саравч нурсан малчдад яаралтай дэмжлэг үзүүлж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 134 айлын гэр нурснаас 92 нь дахин ашиглах боломжгүй болжээ. Мөн 587 айлын хашаа нурж, 69 байшингийн дээвэр хууларсан байна.
Сэтгэгдэл (2)