Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Ойрын 2 хоногт баруун болон төвийн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2021 оны 03 дугаар сарын 19-нөөс 03 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн зарим газар, 20-22-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 19, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 21-нээс нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.