Эрүүл мэндийн яам коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд буюу 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдөр нийт 17047 хүнд ПСР шинжилгээ хийхэд 158 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 149 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Харин 9 тохиолдол нь орон нутагт бүртгэгдлээ. Тодруулбал, Хөвсгөл аймагт 7, Төв аймагт 2 тохиолдол бүртгэгдлээ. Нийт бүртгэгдсэн тохиолдолын 137 хүн нь ойрын хавьтлаас илэрсэн бол 21 хүний халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна" гэлээ.
Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 4498 боллоо. Харин 81 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар нийт 1201 хүн эмчлүүлж байна. Тэднээс 3 хүний биеийн байдал маш хүнд байна. Нэг харамсалтай мэдээ дуулгахад коронавирусний халдвараар эмчлүүлж байсан 89 настай эрэгтэй нас барлаа. 24 хоног эмчлүүлж байсан юм" гэлээ.
Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа давхарлан зүүх, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй газраар явахгүй байх зэргээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай.
Б.Баатар