Өмгөөлөгч Б.Баасанцогт болон хонгилын шүүгчдийн эсрэг иргэн Б.Сарнай өнгөрсөн даваа гарагт Ерөнхийлөгчид 48 цагийн хугацаатай шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хугацаа өнөөдөр дуусаж байгаа учраас суулт зарлаад байна. Хонгилын шүүгчдийг эсэргүүцсэн түүний суултыг дэмжиж иргэд мөн жагсаж байна.
Иргэн Б.Сарнай Кёкүшюүзан Д.Батбаяр, эхнэр Т.Баясгалан нарт залилуулсан асуудлаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандсан ч хэрэг анхан шатны шүүх дээр хоёр жилийн хугацаанд гацаад байгаа талаар өмнө нь мэдээлсэн юм. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт баригдаж буй "Polaro tower" гэх дахин төлөвлөлтийн барилгын төслийг иргэн Б.Сарнайгийн гэр бүл эхлүүлсэн ч Кёкүшюүзан Д.Батбаяр нар залилсан гэх асуудал үүсжээ. Уг барилгатай холбоотой гурван хэрэг шүүх дээр марган үүсгэгдээд явж байгаа бөгөөд шүүгч Д.Энхцэцэг бүх маргааныг хариуцан шүүж байгаа нь эргэлзээ төрүүлж байгааг мөн онцолж буй.
Учир нь хэрэг үүсгэгдээд явж байх үед өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч Д.Энхцэцэгийн хувийн харилцах данс руу 6.3 сая төгрөг шилжүүлсэн нь баримтаар ил болжээ. Шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэн удаа дараа шүүгчээс татгалзах хүсэлтээ өгсөн ч хүлээж аваагүй байна.
Уг асуудлын цаана Ерөнхийлөгийн тамгын дарга А.Гансүх нэр холбогдсон байж болзошгүй гэж хардаж буй бөгөөд иргэн Б.Сарнай дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг түр хугацаагаар албан үүргээс нь чөлөөлж, шалгаж өгөхийг Ерөнхийлөгчөөс хүссэн билээ.
А.Сүх