Аав ээийнхээ өврөөс гараагүй цэцэг шиг охидоо хаана нуух вэ. Хар бүхнээс ангид байх энэ л насанд нь тэднийгээ бузар этгээдээс хэрхэн хамгаалах вэ. Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хороон дарга М.Оюунчимэг нэгэн сэтгэл эмзэглэн тоо баримт дурдсаныг доор өгүүлье.
Тэрбээр өрх толгойлсон насанд хүрээгүй охид олноор бий болж байгаа талаар статистик тоо баримт гарсныг дурдаад охидын хүчирхийлэл хөдөө орон нутагт хамгийн өндөр буюу 60-70 хувь, Улаанбаатар хотод 25-30 хувь байгааг онцолсон юм.
Тэгвэл өнгөрсөн онд насанд хүрээгүй охидын хүчирхийллийн 200 гаруй тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Энэ зөвхөн нийтэд ил байгаа мэдээлэл. Хааттай хаалганы цаана ийм төрлийн гэмт хэрэг хэчнээн гарч байгааг бид мэдэхгүй. Мөн энэ үеэр Хууль зүйн сайдын онцолсноор бэлгийн хүчирхийлэл чимээгүй байдлаар өндөр түвшинд хүрсэн гэдгийг хэлсэн юм. Хүүхдийн бэлгийн хүчирхийлэл ихэнхдээ төрсөн аав, хойд аав, ах, хамаатны ах, хөрш, найз гэх зэрэг ойрын хүрээнд үйлдэгдэж байгааг судалгаа харуулдаг. Ойр тойрны хүрээнд гарсан хүчирхийлэл дарагдаад өнгөрөх тохиолдол их бөгөөд гэр бүлийн хүрээний маргаан болж, сүүлдээ хохирогчийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж мэдүүлгээсээ буцахад хүргэдэг хэмээн Р.Булгамаа өмгөөлөгч манай сайтад өмнө нь өгсөн ярилцлагадаа дурдаж байв.
Араатан амьтан хүртэл үр төлөө хайрлаж аюулын өмнө өөрөө сөрөн зогсдог. Гэтэл саяхан л гэхэд хоёр ой гаруйтай хүүхдийнхээ онгон хальсыг цоолсон гэх хэрэг цахим орчныг дэлсээд авав. Гэгээн бүхнээр ертөнцийг зураглаж, тольдож байдаг гэгээлэг хүмүүс бол хүүхдүүд. Тэд өдөржин л тоглож, амттан мөрөөсөж, ээж аавынхаа хайранд эрхлэх чин хүсэлтэй. Өөрийг нь ойлгож, хамт наададаг хүндээ элгэмсэг. Цайлган гэхэд дэндүү цайлган тэднээр минь дур хүслээ гүйцэлдүүлэх хүн нэртэй адгуусаас бяцхан үрээ, охидоо хэрхэн хамгаалах вэ. Охидоо хаана нуух вэ?
Б.Лхам