ШШГЕГ-ын харьяа цагдан хорих ангиудад коронавирусний халдвар илэрсэн талаар УОК-ын өнгөрсөн баасан гарагийн хуралдааны үеэр Шадар сайд мэдээлсэн. Тухайлбал, ШШГЕГ-ын харьяа түр саатуулах байранд сэжигтнээр татан саатуулаад байсан 300-гаад орчим хүнд шинжилгээ хийхэд, 120 орчмоос нь халдвар илэрсэн билээ.
Халдвар ийн олноороо гарсан нь саатуулах байрны агааржуулалт муу, агааржуулалтын хоолойгоор халдвар тархдагийг баталгаажуулсан явдал болсон юм. Тиймээс халдвар авсан хүмүүсийг яаралтай тусгаарлах шаардлагатай болсон ч хорих ангийн эмнэлгийн хүчин чадал муугаас дээрх хүмүүсийг зочид буудалд түр тусгаарласан байна. Цаашдаа хотоос зайдуухан газарт тусгаарлахаар ярилцаж байгаа ч одоогоор шаардлагад нийцэх нь олдохгүй байгаа аж.
Цаашид ийм тохиолдол давтагдаж болзошгүй хэмээн болгоомжилж, ШШГЕГ-ын харьяа түр саатуулах байр, хорих ангиудад халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
У.Тэргэл