Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлсээс “Covid-19” илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг АШУҮИС-д өнөөдөр гардуулан өглөө. Харин ирэх лхагва гарагаас оношлуурыг албан ёсоор лабораторид ашиглаж эхлэх юм байна.
Шүлснээс коронавирусний халдвар илрүүлэх уг төслийг АШУҮИС-ийн эрдэмтэд 2020 оны арванхоёрдугаар сард эхлүүлж, 2021 оны гуравдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй ажиллажээ. Төслийг Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, зөвлөхөөр Анагаахын ухааны доктор, АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар, профессор, академич Г.Болдбаатар болон АШУҮИС-ийн 10 гаруй эрдэмтэн багшийн бүрэлдэхүүнтэй ажиллажээ.
Оношлуурыг бүтээхэд БШУЯ 47 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон ба өнөөдрийн байдлаар 4000 ширхэг оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Цаашлаад шаардлагатай зарим нэг техник хэрэгсэл нь байвал өдөрт 20 мянган сорьцын оношлуур бүтээх боломжтой гэдгийг эрдэмтдийн багийн төлөөлөл хэлж байна.
Нэг удаагийн шинжилгээний түүхий эдийн өртөг 31200 төгрөг төгрөг бөгөөд цаашид олноор нь үйлдвэрлэж эхэлсэн тохиолдолд өртгийг 7800 төгрөг болгон бууруулах боломжтой аж.
Монгол Улсын хувьд дотоодын оношлуур бүртгэн авсан анхны тохиолдол, мөн дэлхийд анхдагч оношлуурын цомог болж байгаагаараа онцлогтой. Оношлуурын халдварт мэдрэг өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй гарч, шинжилгээний хариуг 90 минутад гаргах боломжтойгоос гадна сорьцыг 14 хоног хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гээд давуу, онцлог талыг дурдвал их аж.
У.Тэргэл