Буйр нуурын мөс цөмөрч өнгөрсөн нэгдүгээр сард долоо хоногийн зайтай хоёр тээврийн хэрэгсэл живсэн байна. Дорнод аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Буйр нуурт осолдсон автомашинуудыг гаргаж авах ажиллагааг хоёрдугаар сарын 18,19-ний өдрүүдэд зохион байгуулжээ.
Хоёр тээврийн хэрэгсэл Ялалт багийн Буйр тосгоноос баруун зүгт Хошуу бургас гэх газарт осолдсон бөгөөд азаар хүний амь эрсдээгүй байна.
Татан гарган авах ажиллагааг зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сумын Онцгой байдлын ангийн хамтарсан баг амжилттай ажиллажээ.
Байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, мөсөн доогуур нуурын 8-9 метрийн гүнд шумбалтын үүрэг гүйцэтгэсэн Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын усчин аврагч, ахлах ахлагч Н.Нямсүрэнд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн талархал илэрхийлж мөнгөн урамшуулал олгов хэмээн Дорнод аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.