Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын хэмжээнд коронавирусний вакцин тарих ажлыг эхлүүлж, хоёрдугаар сарын 23-ны өдөр анхны тунг хийлгэсэн. Тэрбээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт “Асртазенека” вакцин хийлгэсэн юм.
Тэгвэл Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өнөөдрийн байдлаар 310 мянга гаруй хүн вакцинд хамрагдсан ч сэрэмжлүүлэх мэдээ байгааг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр “Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан. Эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож байгаа. Хоёрдахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно.
Вакцины хоёр тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна.
Эрсдэлтэй орчинд бүү бай. Халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч буй тул анхаарна уу. Хамт олноороо тамхилахгүй байхыг, масктайгаа байхыг анхааруулж байна.
Дөрөвдүгээр сарын 3-наас вакциныг 2-3 дахин эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдийг 15 хоног хязгаарлаж буй нь вакцинжуулалтыг үр дүнд хүргэх нэг үндэслэл юм.
Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэндээ дөрөвдүгээр сард вакцины эхний тунг хийж, тавдугаар сараас орон нутагт, мөн нийслэлийн иргэдийг 2 дахь тунг хийж дуустал, цаашид сэрэмжээ алдахгүй байхыг уриалж байна. Та бид Ковид19 халдвартай зэрэгцэн амьдарч буйг нэг хором ч бүү март” гэжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)