Улсын онцгой комисс, Шуурхай штабын хурлаар зорилтот бүлгийг дархлаажуулах, түүний дотор хоригдол, хоригдогсод, асрамжийн газар, орон гэргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нэн тэргүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409, 429, 461 болон Улаанбаатар хотын бүсийн хорих ангиудад дархлаажуулалтын ажлыг өчигдрөөс эхлүүлжээ.
Тус ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав 409 дүгээр хаалттай хорих ангид явж буй дархлаажуулалтын ажилтай танилцлаа. Мөн тэрбээр 409 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Батсайханд цаашид гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, УОК, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдлөг болгохыг үүрэг болгосон байна. Учир нь тус хорих ангид өнөөдрийн байдлаар 70 хоригдогсод коронавирусний халдвар аваад байгаа ба цаашид эрсдэлийг нэмэгдүүлэхгүйн тулд бүхий л арга хэмжээг авч байгаа аж.