Монгол Улсын Засгийн газар, УОК-ын хамтран гаргасан орон даяар хатуу хөл хорио тогтоох шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж байгаа билээ. Шийдвэрийн дагуу доорх 15 салбар үйл ажиллагаагаа хэвийн явуулах юм. Үүнд,
Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж түгээлт, тээвэрлэлт
Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
Улсын онц чухал обьектын үйл ажиллагаа, тэдгээрийн хангамжийн тээвэр
Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
Хот, суурингийн усан хангамж, ариутгал, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх ажиллагаа
Банк
Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
Тусгай чиг үүргийн байгууллага
Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
Төрийн захиргааны байгууллага /10-15 хувийг ажиллуулах/
Хүүхэд хамгаалал, асрах байгууллага
Оршуулгын үйл ажиллагаа
Эдгээр 15 салбарын ажилтны 10 хувийг ажиллахыг зөвшөөрч, автомашинаар зорчих эрхийг нь нээж өгсөн ч Нийслэлээс нэмэлт хязгаарлалт хийж өгсөн билээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, НОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээлэлдээ “Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй төрийн байгууллага, аж ахжйн нэгжийн нийт ажилтны 10 хүртэлх хувийг ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчуулна. Ингэхдээ хуанлийн өдрөөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр, тодорхой маршрутын дагуу, хязгаартайгаар замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл үүсгэхгүй байх хариу арга хэмжээ авч ажиллана” хэмээсэн.
Энэ шийдвэрийн дагуу өнөөдрөөс зөвшөөрсөн салбарын ажилчдын 10 хувь нь хуанлийн өдрийн тэгш, сондгойгоор, зөвхөн ажил-гэр гэсэн маршрутын дагуу зорчих юм. Жишээ нь, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд л замын хөдөлгөөнд оролцоно. Харин маргааш буюу 11-ний өдөр сондгой тоогоор төгссөн автомашинтай ажилчид замын хөдөлгөөнд оролцохоор зохицуулсан билээ.