Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст, ялангуяа Халх голын сав газраар ахиухан хэмжээтэй нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 04 дүгээр сарын 13-наас 04 дүгээр сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулсаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр, 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар 13-нд өдөртөө дулаарах боловч цаашдаа сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.