Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг “Covid-19”-ийн дархлаажуулалтад хамруулах ажлыг өнөөдрөөс зохион байгуулж эхэлсэн. Ингэхдээ дүүрэг бүрт дархлаажуулалтын нэг суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулна.
Ингэхдээ Засгийн газраас тогтоосон хатуу хөл хорионы журмыг харгалзан вакцинжуулалтын цэгүүдэд олгосон тус бүр гурван автобусаар вакцинд хамрагдах ахмадуудыг зөөвөрлөж, цэгүүдэд аваачиж дархлаажуулах юм.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн хувьд 11 дүгээр сургууль дээр байрлах дархлаажуулалтын цэгээрээ дамжуулан 5000 гаруй ахмадыг вакцинжуулах бол гэрээсээ гарах боломжгүй, байнгын асаргаанд байдаг 400 гаруй ахмадын гэрт нь очиж вакцин тарих юм байна.